Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагдсан. Хойд талаараа ОХУ, баруун зүүн болон өмнө талаараа Завхан, Булган, Архангай аймагтай хиллэдэг. 23 сум, нэг тосгонтой засаг захиргааны 24 нэгжтэй.
Тус аймагт мөнх цаст сүрлэг уулс, ян сарьдаг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга, гол мөрний өргөн хөндий зэрэг нь тэр аяараа Хөвсгөл нутгийн үзэсгэлэн гоо билээ. Шохойн ба гантиг чулуун тунадаснаас үүссэн Цагаан-Үүр сумын Даян дээрх зэрэг олон агуй, хонгил, сэнжит хад нь байгалийн биет үзмэр юм.Элбэг баян араатан, жигүүртэн ан амьтад, түүхийн дурсгалт зүйл, байгалийн үзэсгэлэн зэргээр гайхагдсан Хөвсгөл нутгийг Монголын Швейцарь хэмээн нэрлэдэг.
Хүн ам
Тус аймаг нь 123,416 хүн амтай.
Аймгийн нийт хүн амын 76,9%-ийг халх, 13,7 %-ийг дархад, 5,2 %-ийг хотгойдууд эзэлдэгийн зэрэгцээ Буриад, Дөрвөд, Урианхай, Цаатан, Өөлд зэрэг ястнууд амьдардаг олон ястны өлгий нутаг юм.
Тус аймгийн Баянзүрх, Улаан уул, Рэнчинлхүмбэ, Цагааннуур суманд ихэвчлэн Дархад, Цаатан, Тува, Чандмань-Өндөр суманд Урианхай, Цагаан-Үүр суманд Буриад, Шинэ Идэр, Галт, Жаргалант суманд Халх, бусад суманд Хотгойд ястнууд голлон амьдардаг.
Газар зүй
Газрын гадаргуу
Aймгийн нутаг дэвсгэр нь Хангайн уулархаг мужид оршдог. Уул нурууны гол хэсэг нь хангай нурууны салбар хэсэг Хөвсгөл Тагна, Сяаны уулс багтана. Дэлгэрхаан уулын ноён оргил нь далайн төвшнөөс 3491 метр орших ба аймгийн нийт нутаг дэвсгэр нь далайн төвшнөөс 1650-2050 метр оршино.
Хөвсгөл нуур
Хангайн нуруунаас эх авсан Идэр, Тэс, Бүгдгээн, Хөвсгөл нуурын баруун ба зүүн талын уулсаас эх авсан Дэлгэр мөрөн, Бэлтэс, Шарга, Шишгэд, Эг, Үүр, Уйлган зэрэг 400 гаруй гол мөрөн, горхи булагтай.
Тус аймагт 300 гаруй том, жижиг нуур байдаг. Эдгээр нууруудын дотроос цэнгэг тунгалагаараа дэлхийд тэргүүлдэг, талбайн хэмжээгээрээ Ази тивд аравдугаарт, Монгол оронд хоёрдугаарт, гүнээрээ Төв Азид хоёрдугаар ордог Хөвсгөл нуур байна.
Тус аймагт анагаах чадлаараа улс даяар алдартай Булнай, Салбарын халуун рашаан, Торц, Дулаан бүлээн, Наранбумбат, Хоногцол, Бөөстөг, Гантигт зэрэг хүйтэн рашаан байдаг ба эдгээрийг түшиглэн амралт сувиллын газрууд ажилладаг.
Ургамал
Aймгийн нийт нутгийн 35,4% буюу 35,5 мянган км квадрат талбайг ойн талбай эзэлнэ. Ойд гацуур, хуш, нарс, улиас зэрэг навчит болон шилмүүст мод эзэлдгийн 90 орчим хувь нь хар мод юм.
Тус аймагт Вансэмбэрүү, алтан хундага зэрэг 80 шахам төрлийн эмийн ургамал ургана. Нэрс, үхрийн нүд, улаалзгана, улаагана, хад, аньс, чонын хэл, тошлой, гүзээлзгэнэ зэрэг жимс, самар, мэхээр, мөөг, сонгино гэх мэт хүнсний ургамлын арвин баялаг нөөцтэй юм. Эдгээрээс биологийн нөөц удмын сангаараа эрдэмтний сонирхлыг татдаг Сибир жодоо, хонин арц, ягаан цээнэ, ямаан сэрдэг, шивүүрт, ортууз зэрэг олон төрлийн ургамлууд Монгол улсын улаан номонд оржээ.
Ан амьтан
Хөвсгөл аймагт 5 баг, 13 овог, 31 төрөлд хамрагдах 35 зүйлийн хөхтөн, тэр дундаа үнэг, чоно, хандгай, баавгай, хярс, хүдэр, зэрлэг гахай, буга, гөрөөс, булга, тарвага зэрэг үслэг ан амьтан, 2 зүйлийн 2 нутагтан, 4 зүйлийн хэвлээр явагч, 400 гаруй зүйлийн шавьж амьдардаг.
Манай аймгийн гол мөрөн нууранд 10 гаруй зүйлийн загас байдгийн дотор монголдоо хамгийн томд тооцогдох тул загас, Сэлэнгэ мөрнөөр дамжин ирсэн хилэн загас, Дархадын хотгор, Шишгэдийн голын сав нутагт дэлхийд хосгүй цагаан загас бий. Эдгээр загасыг Оросын Петр хаан хүнсэндээ хэрэглэж байсан байна.
Тус аймагт ёл, хойлог, шонхор зэрэг 2000 гаруй зүйлийн шувууд байдгаас гадна өрөв тас, гангар хун, хээрийн галуу, байгалийн нугас, явлаг сар, усны цагаан сүүлт, бүргэд, алтайн хойлог, Азийн цууцаль, итгэлэн цахлай гэх мэт шувууд Дэлхийн болон Монгол улсын улаан номонд орсон шувууд бий.
Түүхт дурсгалт зүйл
Тус аймгийн нутаг дэвсгэр дээр нэн эртний үеэс хүн оршин сууж амьдарч байсныг илтгэсэн чулуун болон хүрэл зэвсгийн үеийн булш, хадны сүг зураг, буган хөшөө олонтой.
Тухайлбал Бүрэнтогтох сумын Уушгийн өврийн 2–3 метр өндөр буган хөшөө, 3–4 метр өндөр хиригсүүр, Загзуугийн амны шороон хэрэм, Мөнх хааны ордны туурь, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр сумын нутагт орших хүн чулуун хөшөө, Мөнх хааны болон Кул Билгэ хаанд зориулан босгосон гэрэлт хөшөө зэрэг түүхийн дурсгалт зүйлс олон бий.
Боловсрол, аялал жуулчлал
Аймагт ерөнхий боловсролын сургууль 32, цэцэрлэг 29, соёлын төв 23, Хөгжимт драмын театр, орон нутгийг судлах музей ажилладаг.
Тус аймагт сумын эмнэлэг 23, аймагт орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэгдсэн эмнэлэг ажилладаг.
Аймгийнхаа байгалийн үзэсгэлэнт газар нутаг, Хөвсгөл нуурын цогцолбор газрыг ашиглан аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж байна.
Манай аймагт гадаад, дотоодын бизнесүүд шинэ төрлийн үйлдвэрлэл үйлчилгээг эрхлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах, эрдэсийн болон ашигт малтмалын нөөцийг ашиглан хамтарсан үйлдвэр байгуулах Хөвсгөл нуурын сав нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх өргөн боломж бий.
Түүхт хүмүүс
Хөвсгөл аймаг эх орныхоо тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн төлөө амь бие, оюун ухаан, авъяас чадвараа зориулж ирсэн алдар цуутнуудын өлгий билээ. Тус аймгаас ардын домогт баатар Чингүнжав, Монгол улсын баатар Л.Даваадорж, Л.Гэлэгбаатар, Г.Цэнд нар төрөн гарсан бөгөөд Ардын хувьсгалын партизан 40 гаруй, Хөдөлмөрийн баатар 22, гавъяат 48, эрдэмтэд 100 гаруй улс, аймгийн олон зуун аварга, сайчууд төрсөн.
1990 оны ардчилсан хувьсгалын төлөө бусад аймгуудаас хамгийн түрүүн хөл тавьж Даваадоржийн талбайд өлсгөлөн зарлаж тэмцэж явсан түүхтэй. Хөвсгөлчүүдийн шаргуу хөдлмөрийг үнэлж төр засгаас 1986 онд аймгийг "Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон"–гоор шагнасан юм.
Эдгээрээс гадна Өндөр Гонгор, Жалханз хутагт Дамдинбазар, Гэлэнхүү нар Хөвсгөлд төржээ.
Данийн аялагч Хэннгинг Хаслунд-Кристенсен нь одоогийн Эрдэнэбулган суманд 1, 2 жилийн турш 1920-оод онд иржээ. Мөн зарин нутгийн ард Алан-Гуа эхийг Чандмань-Өндөрт төрсөн гэж үздэг.
Сумд
Аймгийн төвөөс сумд хүртлэх зай /км/
• Алаг-Эрдэнэ сум 63
• Арбулаг сум 71
• Баянзүрх сум 127
• Бүрэнтогтох сум 51
• Галт сум 167
• Жаргалант сум 177
• Их-Уул сум 112
• Мөрөн сум
• Хатгал сум 101
• Рашаант сум 154
• Рэнчинлхүмбэ сум 243
• Тариалан сум 160
• Тосонцэнгэл сум 64
• Төмөрбулаг сум 75
• Түнэл сум 46
• Улаан-Уул сум 164
• Ханх сум 290
• Цагааннуур сум 252
• Цагаан-Уул сум 131
• Цагаан-Үүр сум 173
• Цэцэрлэг сум (Хөвсгөл) 209
• Чандмань-Өндөр сум 137
• Шинэ-Идэр сум 123
• Эрдэнэбулган сум
Шишхид гол
Хөвсгөлийн уулархаг нутгийн гүнд орших Шишхид гол Улаантайгын нурууны өвөр дэх морены гаралтай хэд хэдэн жижиг нуураас эх авч урсах бөгөөд түүний урт 298 километр, ус хураах талбай 18300 хавтгай дөрвөлжин километр болно. Шишхид голын усны хагалбар шугам Улаантайга, Хорьдал-Сарьдаг, Баян, Соёны нурууны ян сарьдаг торгон оройг дайран гарна. Эдгээр уулсын ам бүрээс олон арван гол горхи урсаж Дархадын хотгорын хамгийн том Доод нуурыг дамжиж улмаар Шишхид голыг усжуулна.
Түүнд цутгах голуудаас нилээд услаг томоохон нь Арсай (126 км,) Хотон (65 км), Шарга (110 км), Хо горого (46 км), Тэнгис (80 км), Хөөгийн голууд болно. Шишхид гол эхний хэсэгтээ урсгал хурдтай (2 м/сек), уналт ихтэй бол Дархадын хотгорт оронгуутаа маш их тойрон тахирлаж урсгалын хурд нь саарна. Тэнгисийн голын билчирээс цааш голын хөндий тун давчуу болж нэг гульдиралаар урсахын зэрэгцээ усны гүн, урсгалын хурд нэмэгдэнэ. Голын үндсэн тэжээл хур бороо учраас зун намрын саруудад ихээхэн үерлэнэ. Борооны үерийн үед түвшин түргэн дээшлэхийн хамт усны булингар нэг литрт 750 мг хүртэл нэмэгддэг байна. Усны зарцуулга 8 дугаар сард 1 удаагийн хэмжилтээр 67,3 м3сек байжээ. Гол 10 дугаар сард хөлдөж 5 дугаар сарын эхээр бүрэн цэлмэнэ. Цутгал жижиг голууд нэгэн адил хөлдөх учраас уулсын ам хөндийд асар их халиа тошин үүсч хавар алгуур гэснэ. Ийм байдлаас шалтгаалж хаврын шар усны үер эрч багатай, харин үргэлжлэх хугацаа нилээд урт байна.
Буцах